ОХУ: В.Путиныг шүүмжилсэн киноны найруулагчийг гадаадын төлөөний этгээд гэж үзэв
Ерөнхийлөгч В.Путины бодлого, Украины дайн, Оросын нийгэм дэх төрийн суртал ухуулгыг шүүмжилсэн “Mr Nobody Against Putin” киноны уран бүтээлчийг ОХУ-ын Хууль зүйн яам гадаадын төлөөний этгээдийн жагсаалтад оруулснаа зарлалаа. Өнгөрөгч гуравдугаар сард “Оскар”-ын шагналыг “Шилдэг баримтат кино” төрлөөр хүртсэн уг киноны зохиолыг ОХУ-ын иргэн Павел Таланкин бичиж, хамтран найруулсан юм. Өдгөө 36 настай П.Таланкин Челябинск мужийн жижигхэн хотын дунд сургуульд багш, олон нийтийн ажил зохион байгуулагч, зураглаачаар ажиллаж байсан бөгөөд Украины дайн эхэлснээс хойш эрс эрчимжсэн төрийн суртал ухуулга сургуулийн орчин дахь харилцаа, багш, сурагчдын сэтгэхүйд хэрхэн нөлөөлж буйг ажиглан дүрс бичлэгээр баримтжуулж байжээ. Улмаар 2024 онд цуглуулсан баримтаа аван хилийн чанадад гарч, Америкийн найруулагч Дэвид Боренштэйнтэй хамтран киногоо бүтээсэн байна. “Mr Nobody Against Putin” киног анх 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Сандэнсийн наадам, улмаар Шведийн Гётэборгийн кино наадамд үзүүлсэн бол залгуулаад Өмнөд Солонгос, Польш, Австрали, Мексик, Хорват зэрэг олон оронд гаргасан юм. Дани улс уг киног өөрийн нэрийн өмнөөс “Оскар”-ын наадмын “Гадаадын шилдэг уран сайхны кино” төрөлд нэр дэвшүүлэхээр сонгосон боловч Америкийн кино академи “Шилдэг баримтат кино” номинацид өрсөлдүүлсэн билээ.
ОХУ-ын Хууль зүйн яам П.Таланкиныг гадаадын төлөөний этгээдийн жагсаалтад оруулахдаа “Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилласан, Оросын төр засгийн бодлогын талаар буруу ташаа мэдээлэл тараасан, цэргийн тусгай ажиллагааг шүүмжилсэн” хэмээн буруутгасан байна. Энэ удаа түүнээс гадна сэтгүүлч Марина Скорикова, бизнесмэн Виталий Гинзбург, “Христийн шашинтнууд дайны эсрэг” олон нийтийн хөдөлгөөнийг уг жагсаалтад оруулжээ. 2012 оноос хойш энэ жагсаалтад ойролцоогоор 1170 ашгийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн хөдөлгөөн, хувь хүн ороод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







